Холбоо барих утас: 7555-0033 | Факс: 7555-0011 | И-мэйл: info@dmp.mn

Төмөртэйн ордыг чиглэсэн 34.5 км шинэ төмөр замтай боллоо

Төмөртэйн уурхайгаас "Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр" хувьцаат компанийн Хандгайт өртөө хоорондох 34.5 километр төмөр зам өнгөрсөн амралтын өдрүүдэд ашиглалтад орсон байна. Үүнээс өмнө Хандгайт хүртэл 20 километр газарт автомашинаар тээвэрлэн вагонд дамжуулан ачаалдаг байсан юм.

УБТЗ-ын барилгын анги нэг жилийн хугацаанд газар шорооны ажлыг хийсэн бол гурван сарын хугацаанд төмөр замыг амжилттай барьж өгчээ. 230 сая тонн нөөцтэй, төмрийн ордууд дотроос цорын ганцаар стратегийн жагсаалтад багтсан Сэлэнгийн Төмөртэй ордын лицензийг Дарханы төмөрлөгийн үйлдвэр эзэмшдэг юм. 2011 онд нэг сая 98 мянган тонн хүдэр экспортолж байх үед нэг тонн төмрийн хүдрийн үнэ 137 ам.доллар байсан бол одоогийн байдлаар дэлхийн зах зээл дээр 36 ам.доллар болтол огцом буурчээ. Хямрал төмөрлөгийн салбарынханд цогцолбор барих мөрөөдлийг нь хэсэг хугацаанд хойшлуулсан ч тэд дэд бүтцийн бүтээн байгуулалтаа ийнхүү хийж дуусгасан байна.

Дарханы төмөрлөгийн үйлдвэр цаашид жилд зургаан сая тонн төмрийн хүдрийг экспортлохоор төлөвлөжээ. “Болд төмөр-Ерөө гол” компани найман сая тонныг борлуулахаар шийдвэрлэсэн нь жилд нийлээд 14 сая тонн болж байна. 36 ам.доллараар борлуулж буй төмрийн хүдрийн тээвэрлэлтийн зардал 18 ам.доллар болсон нь зардлыг бууруулах чиглэлд санаачилга гаргах хэрэгтэйг сануулж байна.

Дээшлэх