Холбоо барих утас: 7555-0033 | Факс: 7555-0011 | И-мэйл: info@dmp.mn

Захиралын мэндчилгээ

Монгол Улс өнөөдөр хөгжлийнхөө алтан гараан дээр ирээд байгааг дэлхий дахинаа ярьж, анхааран ажиглаж байгааг бид мэднэ. Үнэхээр ч нэг үеэ бодоход улс орны маань нүүр царай өөрчлөгдөж, уул уурхай дагасан том төслүүд хэрэгжиж, бүтээн байгуулалтууд өрнөж байна. Эдийн засгийн өсөлтөөрөө Монгол Улс сүүлийн жилүүдэд дэлхийг тэргүүлэх боллоо.

Цаашдаа зөвхөн түүхий эд импортлодог бус нэмүү өртөг шингэсэн, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргадаг, үйлдвэржсэн хүчирхэг хөгжилтэй орон болох зорилтыг ханган хэрэгжүүлэхэд Монгол Улсын металлургийн салбарт анхдагч болох Дарханы төмөрлөгийн үйлдвэр нэн чухал үүрэг гүйцэтгэх болно. Нийгмийн тогтолцоо өөрчлөгдөж байх үед шаваа тавьж, тулгаа тулсан үйлдвэр маань 20 гаруй жилийн намтраа туурвижээ. Хүмүүнээр бол үйлдвэр маань эрийн цээнд хүрлээ гэсэн үг. Бид бүхэн өнгөрсөн хугацаанд хийж бүтээсэн зүйлтэй, хэлж ярих бахархалтай, ирээдүй өөд тэмүүлэх урам зоригоор жигүүрлэн ажиллаж байна. 

Дарханы төмөрлөгийн үйлдвэр нь энэ хугацаанд Монгол Улсын Металлургийн цогцолбор үйлдвэр болон хөгжих шатандаа орлоо. Метал дагнасан жижиг, дунд үйлдвэрүүдийг хөгжүүлж, машин механизм, бусад төмөр болон ган бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг бий болгох үүднээс Төмөртолгой, Төмөртэй, Хуст-Уулын төмрийн хүдрийн орд газруудыг эзэмшин, төмрийн хүдрийн 2 уурхайтай боллоо. Улмаар техник технологийн шинэчлэл хийн, нойтон аргаар хүдэр боловсруулах үйлдвэртэй болов. 

Цаашид шууд ангижруулсан төмрийн үйлдвэртэй болох цаг ойрхон байна. Ойрын жилүүдэд үйлдвэр маань дэлхийн зах зээлд хүлээн зөвшөөрөгдсөн Монголын үндэсний аварга том үйлдвэр болон хувирна гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна. Үйлдвэрийнхээ тулгыг тулж, түүхийг бүтээлцсэн, бүтээж яваа үе үеийн ажиллагсаддаа хүндэтгэл илэрхийлье. Та бүхэндээ, үйлдвэрийн удирдлагын нэрийн өмнөөс болон хувиасаа аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!   

                                                                                       

Батжавхлан
Ерөнхий захирал Дашдондогийн
Дээшлэх